орчуулга

Wednesday, March 5, 2014

эсээ


Миний мэргэжил

Хязгааргүй.......

Тэнгэрт гялалзах түг түмэн оддыг хэн ч тоолж чаддаггүй. Тэр бол хязгааргүй. Тэнгист хөвөлзөх урсгал усыг хэн ч хэмжиж чаддаггүй. Тэр мөн л хязгааргүй. Үүнтэй адил бидний хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй. Ийм учраас би баян мөрөөдлийнхөө эзэн нь байхыг хүсдэг юм.

Миний хязгааргүй мөрөөдлийн оргил цэг нь миний мэргэжил. Хүсэлдээ хүрэхийн тулд ямар замаар явахыг би сайн мэднэ. Тэр олон салаа замын аль алинаар нь явах нь гарцаагүй. Шулуун замыг нь би шулуун гэж бардамнахгүй. Тахир замыг нь харин хэцүү гэж шантрахгүй. Хүсэл зорилгодоо хүрэхэд энэ юу ч биш. Гагцхүү мэргэжлээ эзэмших нь л хамгийн чухал.

Мэргэжил бүр өөр. Өөр өөрийн гэсэн давуу тал онцлог шинжүүдтэй. Тэр олон сайхан мэргэжлэээс онцолж сонгосон мэргэжил минь эдийн засагч.  Өөрөөр хэлбэл эдийг арвижуулагч хэмээн нэрлэж болно.

Хүний хэрэгцээ хязгааргүй. Харин тэр хэрэгцээг хангах хөрөнгө мөнгө хязгаарлагдмал. Тэрхүү хязгааргүй хэрэгцээг хэрхэн яаж үр ашигтай хангахыг миний мэргэжил л тодорхойлно.

Бидний амьдрал нэгэн хэвийн биш. Бүгд л өөр өөр. Зарим нь сайхан зарим нь муухай. Яг л тэнгэр газар шиг зөрөөтэй байх нь ч бий. Үүнийг эдийн засгийн шинжлэх ухаанд давхраажилт хэмээн үздэг. Үүний шалтгаан нь нийгмийн баялгаас тэгш бусаар хүртсэн байдал юм.

Хүн бүрийн орлого тэс өөр тийм учраас хязгааргүй хэрэгцээгээ хэрхэн хангаж байгаа нь мөн л өөр. Зарим нь тодорхой хэмжээгээр нилээд сайн хангадаг байтал зарим нь арай ядан багахан хэрэгцээгээ хангадаг. Энэ л манай монголын өнөөдрийн нүүр царай болоод байна.

Монгол орон маань хөгжсөөр л. Цагийн зүүтэй уралдан дэвжсээр байгаа нь бидний нүдэнд илхэн.

Энэхүү асуудлыг шийдэхэд миний мэргэжлийн оролцоо үнэхээр их. Наад зах нь гэр бүлийн асуудлаа шийднэ. Цаашлаад сум орон нутаг аймаг нийслэл улсынхаа ч эдийн засгийг шийдэж болно.

Хамгийн гол нь мэргэжлээ л маш сайн эзэмшиж мэргэшсэн хүн болох нь миний эрхэм  зорилго. Диплом өвөртөлсөн хоосон толгойтой эдийн засагч болохыг огтхон  ч хүсэхгүй байна.

Одоохондоо би амаараа л ингэж ярьж байна. Дөрвөн жилийн дараа үйлдлээрээ хийх чадвартай нэгэн болчихсон байх болно гэдэгт итгэлтэй байна.

Эзэн хичээвэл

Заяа хичээнэ хэмээх монгол ардын сайхан үг бий. Үүн шиг цаг ямагт хичээж юу ч тохиолдсон бай шантрахгүй зүтгээд л байвал миний хязгааргүй хүслийн тодорхой хэсэг нь хангагдах болно оо.

Би сайхан монгол орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эдийн  засагч байхыг хүснэм. Гэвч энэ миний өнөөдрийн амьдралын минь мөрөөдөл. Харин хэдэн жилийн дараа мөрөөдөлдөө хүрчихсэн байна гэхэд эргэлзэхгүй байна.

Сайхан мэргэжлээ эзэмшээд сэтгэл хангалуун итгэл дүүрэн харц дээгүүр алхах болно оо.  

4 comments: